Сумын товч танилцуулга

Батширээт сум нь хуучин Сэцэн хан аймгийн Хөвчийн Дайчин Жонон Вангийн хошуу, Онон голын буриад хошуу, Биндэръяа уулын хошуу, Биндэр суманд багтаж байгаад 1952 оны 3 –р сард АИХ-ын тэгүүлэгчдийн 11-р зарлиг, СнЗ-ийн 167-р тогтоолоор Биндэр сумын 5,6,7,8,9-р багуудыг нэгтгэн байгуулагдсан түүхтэй.
 701,8 мянган га буюу 70,2  мян. км2 нутаг дэвсгэртэй. Хил хязгаарын хувьд хойд талаараа ОХУ-тай, зүүн талаараа Биндэр сум, баруун талаараа Өмнөдэлгэр сумдуудтай  тус тус хиллэдэг.
     Сумын төв нь Хэнтий нурууны зүүн хэсгийн уулсын дунд  Эгийн голын хөвөөнд далайн төвшнөөс 1100 гаруй метрийн өндөрт х.ө 48O 41’ , з.у 110O 10’ солбилцолд Өндөрхаан хотоос хойш 186 км, Улаанбаатар хотоос зүүн тийш 413 км зайтай оршино. Засаг захиргааны Онон, Барх, Хурх, Норовлин гэсэн 4 багтай.
Нутаг дэвсгэрийн 80,3% буюу 563,6 мян.га-г ойн сан, 18,5% буюу 131,4 мянган га-г бэлчээрийн эдэлбэр нутаг, 0,02% буюу 8,5 мянган га-г суурин газрын эдэлбэр нутаг эзэлдэг.
 Нийт 748 өрх, 2455  хүн амтай. Хүн амын 70%-ийг буриад ястан, 30%-ийг халх ястан эзэлдэг. 
Хөдөлмөрийн насны 1412 иргэнтэй. Үүнээс ажиллагсад 889, төрийн төсөвт байгууллагад 112, хувийн хэвшилд 763, хөдөлмөр эрхлээгүй хүн 198 байдаг. 397 малчин өрхтэй,  нийт  81474 толгой малтай, үүнээс  адуу-6989, үхэр-25035, тэмээ-8, хонь-31323, ямаа-18119 байна.
1933-1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед манай сумаас Санжийн Даш, Норовын Даш, Бавуудайн Раднаа нарын өвгөд Бүдийн Дашвал, Базарын Дамдин нарын залуус нийлсэн 223 хүнийг баривчилж шорон гянданд хорин ихэнхийг нь цаазаар авсан байна.
1939 онд тус сумын эрчүүдээс 68 хүн халх голын дайнд оролцсоноос Ц.Гармаа, Базарын Дэлэгдорж, Ц.Ядамсүрэн нар Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байжээ. 
1938 онд Зуухын Баянголд Б.Лампран нарын санаачлагаар, Туяа, Шүхэр, Санж нарын санаачлагаар “ Ундрах” Эгийн голд Ц.Чойдог, Ц.Зундуйжамц нарын санаачлагаар “Эг” нэгдлүүд байгуулагдсан.1940 онд эдгээр нэгдлүүд нэгдэж “Батжил- нэгдэл болсноор мал сүргээ өсгөн үржүүлэх үүлдэр угсааг сайжруулах, гишүүдээ хөдөлмөрийн байраар хангах, газар тариалан туслах аж ахуй эрхлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байснаас гадна Эгийн голоос шуваг шуудуу татаж хүнсний ногоо эрдэнэ шиш тарьж шуудуугаа салаалан Борвооной өвгөний санаачлагаар тээрэм зоон цахилгаан эрчим хүч гарган банз зүсдэг байснаас гадна гахай, тахиа үржүүлэх, жимсний мод бут суулган давжаа алим, үхрийн нүд, мойл, чацаргана хураан авч байжээ. 1992 онд нэгдлийн зөвлөлийн хуралдаанаар “ Батжил” нэгдлийг татан буулгасан байна.
Мод бэлтгэлийн анхны аж ахуй Батширээтийн модны үйлдвэр 1963 онд Бархын шүтээн буюу Догшин дов хэмээх газар байгуулагдан анхны даргаар Д.Гүржав томилогдон ажилласнаас хойш жилдээ 60,0 мян.м3 гуалин бэлтгэдэг 350 гаруй ажилтантай үйлдвэр болон өргөжин ажиллаж байгаад 1990-ээд оны дундуур хувьчлагдсан байна.
Тус суманд 21 төлөөлөгч, 3 ажиллагсадтай ИТХурал, 23 ажиллагсадтай ЗДТГазар, 20 орон тоотой, 8 ортой ЭМТ,  37 орон тоотой, 416    сурагчтай, 60 хүүхдийн тохилог дотуур байртай ЕБС, 18 орон тоотой 116 хүүхэдтэй Хүүхдийн цэцэрлэг, 325 суудалтай 6 орон тоотой Соёлын төв, 5 орон тоотой Хан Хэнтийн Тусгай Хамгаалалттай газрын Онон хэсэг зэрэг байгууллагууд нутгийн иргэддээ төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэж шамдан ажиллаж байгаагаас гадна Шуудан холбооны салбар, Эмийн эргэлтийн сан, Цаг уурын станц, ЗӨБЦТССалбар, ХААН, Төрийн  банкны тооцооны төв, “ Петровис”, “ Магнай трейд” ХК-ийн салбар ШТСтанцууд, “ Сүү” ХК-ийн салбар үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж мод, сүү  боловсруулах, худалдаа үйлчилгээ , аялал жуулчлалын чиглэлээр 65 аж ахуйн нэгж байгууллагууд ажиллаж байна.
Мөн Ардчилсан намын хороо, МАХН-ын хороо зэрэг улс төрийн намууд Байгаль хамгаалах “ Хөвчийн Жонон”, “Хөгжилд хүрэх зам” Сумын жолооч нарын   “Бат жолоо”, “Хавтгар ширээт”  “ Ар хөвчийн унага” уяачдын холбоо, АА- нийгэмлэгийн “ Бат-Ирээдүй” бүлэг зэрэг төрийн бус байгууллагууд   үйл ажиллагаа явуулж байна.
 Тус сум 2006 онд сансрын холбооны “ Всат” станц суурилуулж  2007 онд төвийн эрчим хүчний нэгдсэн ситемд холбогдон 2008 онд үүрэн холбооны “ Скайтель” “ Жи мобайл” , 2012 онд Юнитель, Мобиком компаниуд салбараа нээж 2009 онд “ Батширээт FM-104 радиог байгуулсан нь сумын цаашдын хөгжил дэвшлийн үндэс суурь  тавигдсан чухал үйл явдлууд болсон билээ.
     Манай сум түүх соёлын дурсгалт газар олонтой  бөгөөд  Монголын нууц товчоонд дурьдагдсан Тэргүүн Өндөр, Хорхонуг  Жибур, Ихсийн газар, Хулдгар  Хун, Бэдэр хошуу, Химурга горхи, Хорчихуй  болдог, Ботохан бооржи зэрэг газрууд Биндэръяа  уулын чулуун зэвсгийн бууц, Рашаан хад, Үзүүр цохионы сүг зураг, тамга тэмдэг , Хажуу нуурын буган хөшөө, Баянгол Эгийн Живхээстэйн хүн чулууд, Кидан улсын үеийн Өглөгчийн хэрэм, Өгөөмөр Ёл, Живхээстэй, Бархын дөрвөлжин булш зэргийг дурьдах байна.
 Улс орон, аймаг сумаа  хөгжүүлэх үйлсэд Батширээтчүүд  идэвхтэй оролцож олон арван алдар гавъяатнууд  төрөн гарсан юм. 
Манай сумаас Монгол улсын Хөдөлмөрийн баатар М.Володъя, Монгол улсын төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдорж, Улсын сайн малчин Ш.Цэнд-Аюуш, С.Цэнд, Улсын хошой аварга малчин Р.Дорж, Улсын аварга саальчин  Д.Тожил, Монгол улсын гавъяат геологич Д.Тогтох, Гавъяат жүжигчин З.Шагдар, Ш.Одончимэг, Гавъяат багш доктор профессор Н.Ням-Осор, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Г.Базаргүр, БНЧех улсын гавъяат геологич доктор Д.Ренчинням, Улсын начин Ш.Шаравжамц, УИХ-ын гишүүн асан Ч.Ган-Өлзий, Н.Төвшинтөгс, АБЯ-ны орлогч сайд, аймгийн дарга асан Д.Аюуш, дэд сайд Б.Дэрдэв, С.Очирпүрэв, Аймгийн дарга асан С.Чимэдцэрэн нарын төр нийгмийн зүтгэлтнүүд, доктор Ж.Нанжид, С.Гомбо, Д.Чимиддорж, Ц.Батбаяр, Б.Балжинням, А.Мөнх-Оргил, Клиникийн профессор А.Оюун нарын эрдэмтэн мэргэд, Монгол улсын алдарт уяач Г.Содном,  чанарын улсын аварга Г.Сэрээтэр, Ой модны системийн аварга жолооч С.Дамдинжав, Эрүүлийг хамгаалахын хошой аварга бага эмч Ж.Цэрэнчанаа, Ажил мэргэжлийн улсын уралдааны 3 удаагийн аварга Б.Дугдан, хошой аварга О.Чулуунбаатар, Л.Өрнөлт, Улсын залуу аварга малчин Б.Дэлгэрмаа, , Волейболын спортын нэрт дасгалжуулагч Г.Базарсад, Байт сурын олон улсын хэмжээний мастер  Б.Долгормаа, гар бөмбөгийн олон улсын хэмжээний мастер Я.Энхмаа, мото спортын ОУХ-мастер Б.Ган-Од, шатрын спортын анхны мастер Ц.Цэдэнжав, улсын мэргэн үндэсний сурын спортын мастер Г.Пүрэв, Д.Нямсүрэн, гар бөмбөгийн спортын мастер Ч.Төвшинтөр, Д.Жаргалсайхан, Т.Оюундэлгэр, Б.Ариунаа, А.Хэрлэнтооно, Л.Нэргүй, Д.Батболд, Ж.Отгонбаяр, Г.Ганболд, Ж.Одонтунгалаг, Р.Энхмаа, Нацагдоржийн шагналт зохиолч яруу найрагч Б.Нямаа, МЗЭ-ийн шагналт Л.Нямаа, С.Очиржав, Д.Дашшарав, Ш.Цэндгомбо, Б.Одгэрэл, Д.Гансүрэн, Б.Энхжаргал нарын уран үгийн дархцуул, Аймгийн аварга малчин Ц.Сандаг, А.Бэх-Очир, Я.Цэрэндорж, С.Дашсүрэн,  Д.Лувсангомбо, О.Очирбат, Г.Лхам, Б.Мягмар-Од, Л. Төмөр- Очир, Д.Намсрай, Д.Даваасүрэн, Ц.Ганбаатар, А.Зандангарав, Д.Мягмарсүрэн, О.Жамбал, А.Пүрэв- Очир, С.Намшир, С.Жанчивсүрэн, Э.Үүрцайх нарын гэр бүл, аймгийн алдарт уяач Ц. Ичинхорлоо, А.Бэх-Очир, Х.Балжинням, Ш. Сэдэд нар төрөн гарч 2002 оноос “ СУМЫН ХҮНДЭТ ИРГЭН” цол тэмдэг олгох тухай ИТХ-ын шийдвэр гарч Багануур төвийн бүсийн Цахилгаан Дамжуулах Сүлжээ ТӨХК-ийн Багануур, Чойр салбарын ерөнхий инженер  Д.Нямсүрэн, Их Засаг их сургуулийн ректор нутгийн зөвлөлийн дарга доктор профессор Н.Ням-Осор, “ Альфа моторс” компанийн ерөнхий захирал Ч.Ганхуяг, ГТХАН-ийн “ Байгаль хамгаалал ба байгалийн нөөцийн тогтвортой менежмент” төслийн орон нутгийн зохицуулагч хатагтай Сандра Фолмейстр, Аймгийн Засаг дарга асан С.Чимэдцэрэн, ХААИС-ийн багш докторант Ш.Дэнсмаа нар шагнагдаад байгаа нь Батширээт бидний бахархал болж байдаг юм.
Тус  сум нь Хэнтийн нурууны салбар уулсын зүүн хойд талын хөвч тайгын бүс бүслүүр болон ойт хээрийн бүсэд далайн төвшнөөс дээш 1100-2300 метрийн өндөр өргөгдсөн нутагт оршдог билээ. Далайн төвшнөөс дээш 2000м-с дээш өргөгдсөн Ноён, Хатан, Дуут Ян, Алаг Ян зэрэг өндөр уулстай, Онон, Эг, Барх, Хурх, Ашинга, хушинга зэрэг 61 гол, Цэгээн, Ёл, Булан, Биндэр, Живхийн нуур зэрэг 13 нуур цөөрөм Ононгийн халуун рашаан, тарц, Арангатай, Хужир нуга, Гүнталхаан, Сүүл толгой зэрэг халуун хүйтэн рашаантай.
Сумын нийт нутгийн ойн сангийн ихэнх хувийг  шинэсэн ой зонхилж хуш, нарс, улиас, хус, бургас, гацуур, жодоо зэрэг мод ургаж гол мөрний хөндийгөөр мойл, нэрс, хад, улаагана, аньс, нохойн хошуу, үхрийн нүд, гүзээлзгэнэ, долоогоно зэрэг жимс жимсгэнэ элбэг ургахаас гадна тарваган шийр, алт мөнгөн гагнуур,бамбай, лидэр, сөд зэрэг эмийн ургамал, мангир, гогод, зэрлэг сонгино, цагаан төмс, төрөл бүрийн мөөг зэрэг хүнсний ургамал элбэг ургана.
Батширээт  сум ашигт малтмалын нөөцөөр арвин бөгөөд хайгуул судалгааны дүнд алт, хөнгөн цагаан, цагаан тугалга, төмрийн хүдрийн нөөц бүртгэгдсэн байдаг.
Ой тайгад баавгай, буга хандгай, гахай нохой зээг, шилүүс, хүдэр, чоно, гөрөөс, булга, чандага, дорго, жирх, солонго, үе үнэг хярс зэрэг ан амьтан мэрэгчид амьдарч ус голд нь тул, зэвэг, цурхай, гутаар зэрэг загас жараахай хур, сойр, хөтүү, ятуу, галуу, нугас, тоодог тогоруу зэрэг нүүдлийн шуувд болон суурин шувуудтай. Уур амьсгалын хувьд өвөлдөө -15-49 хэм хүйтэрч зундаа +15+35 хэм дулаардаг. Байгаль  цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Зундаа 200-300мм, өвөлдөө 100-200 мм хур тунадас ордог.
Сумын бүтээлч иргэд  зүсмэл модон материал, дүнзэн байшин, буриад талх, мойлтой тос, цөцгий ,словак бяслаг зэрэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж,  сумын ИТХ-аараа “ЭКО БАТШИРЭЭТ” хөтөлбөр, сумыг 2010-2020 онд хөгжүүлэх эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө, ойн хөтөлбөр, боловсон хүчний талаарх баримтлах бодлогыг  батлуулан цаашдаа байгальд халгүй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхээр ажиллаж байгаа. 
Байгалийн үзэсгэлэнт сайхан нутагтай тус нутгийнхны буриад ахуй соёл гадаадын болон дотоодын аялагчдын анхаарлыг татдаг нь аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой сум юм.

2022-04-23 15:25:54