Энэхүү хуралдаанд наадмыг зохион байгуулагч тал болох БНБУ-ын Ерөнхийлөгч Цыденов Алексей Самбуевич тэргүүтэй Ардын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон оролцогч талууд болох Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймаг, Өвөр Байгалийн хязгаар, Эрхүү мужаас нийт 70 гаруй төлөөлөгч оролцов.
Мөн Хэнтий аймгийг төлөөлөн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ш.Жавхлан, Батширээт сумын Засаг дарга Б.Алтангэрэл, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Баттулга, “Хан Хэнтий Буриад арад зон” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Дашням нар оролцлоо.
Хэнтий аймгийн зүгээс 1994 онд анх удаа Дадал суманд санаачлан зохион байгуулж байсан “Алтаргана” наадмыг 2028 онд Чингис хотноо зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор уламжилж, мөн 2026 оны наадамд өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоо илэрхийллээ.
2026 оны 7 дугаар сарын 1–5-ны өдрүүдэд Улаан-Үдэ хотноо болох наадмын бэлтгэл ажлыг Буриадын тал өндөр түвшинд ханган ажиллаж байгаа бөгөөд хуралдаанд оролцсон төлөөлөгчдөд 18 номинацийн арга хэмжээ зохион байгуулагдах газар, оролцогчдын байрлах байрууд, зохион байгуулалтын талаар газар дээр нь танилцуулга хийв.
Мөн Хэнтий аймгийн төлөөлөгчид Монгол Улсаас Буриад улсад суугаа дэд консул Ч.Батбилэгтэй уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцож, Буриад ардын радиод “Алтаргана” наадмыг анхлан зохион байгуулсан түүхийн талаар ярилцлага өглөө.
2026-03-16 14:46:06