БАТШИРЭЭТ, БИНДЭР СУМДАД 2025 ОНД ОЙГООС БЭЛТГЭХ МОДНЫ ХЯЗГААРЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

2025 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарт өөрчлөлт оруулж, Батширээт болон Биндэр сумдад нийт 4390 м³ мод нэмэлтээр бэлтгэхийг зөвшөөрсөн тогтоолыг баталлаа.

 Энэхүү тогтоол нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны А/699 дугаар тушаалд үндэслэн баталлаа.

 Мөн тогтоолоор мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дараах нөхцөлтэйгөөр ойжуулалт хийх үүрэгтэй юм. Үүнд:

 Үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэсэн аж ахуйн нэгжүүд 100 м³ тутамд 2.0 га-д ойжуулалт хийнэ.

 Арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хийсэн иргэд, байгууллагууд 100 м³ тутамд 1.0 га-д ойжуулна.

 Ойн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэсэн нөхөрлөлүүд 100 м³ тутамд 0.5 га-д шинэ ой тарина.

 Уламжлалт хэрэглээний зорилгоор нас гүйцсэн ургаа мод огтолсон иргэд нэг модны оронд 10 болон түүнээс дээш тарьц суулгах үүрэг хүлээнэ.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

2025-06-23 16:58:58