ХЭНТИЙН 100 ХӨТӨЧ - АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТАД БАТШИРЭЭТ СУМААС СОЁЛЫН ТӨВИЙН ӨВИЙН АЖИЛТНЫГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ А.ХАЛИУН, ЦЭЦЭРЛЭГИЙН ЖИЖҮҮР Б.МӨНХНАРАН НАР ХАМРАГДАЖ БАЙНА.

100 ХӨТӨЧ, ТАЙЛБАРЛАГЧ БЭЛТГЭСНЭЭР 100 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО.

Монгол Улсын Засгийн газрын 2023–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд түүхэн аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг хөтөч, тайлбарлагч бэлтгэх” сургалт Хэнтий аймагт амжилттай эхэллээ.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Т.Зулбаатар, “Монгол гайд тур” ХХК-ийн захирал, туршлагатай сургагч багш Б.Буянбадрах нар оролцож, хөтөч тайлбарлагч мэргэжлийн онцлог, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар байр сууриа илэрхийллээ.

Засаг дарга Д.Аюурбунь:

“Хөтөч тайлбарлагч байна гэдэг нь дан ганц мэдээлэл дамжуулагч биш, харин түүх соёлоо түгээгч, зочдын сэтгэлд үлдэх үйлчилгээний мэргэжилтэн байхыг шаарддаг. Иймээс бид орон нутгийнхаа иргэдийг олон улсын стандартын түвшинд мэргэшүүлэн, аялал жуулчлалын салбарт бодитой ажлын байртай болгохоор зорьж байна.”

Тус сургалтад хамрагдаж буй 100 оролцогч сургалтын дараа албан ёсны хөтөч, тайлбарлагчаар ажиллах эрхтэй болох бөгөөд энэ нь Хэнтий аймагт 100 шинэ ажлын байр бий болгох чухал алхам болж байна.

Сургалтыг аялал жуулчлалын салбарт олон жилийн туршлагатай, мэргэшсэн сургагч багш Б.Буянбадрах удирдан явуулж байгаа бөгөөд сургалт нь зөвхөн мэдлэг олгоод зогсохгүй, иргэдийн орлого, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд бодит үр нөлөө авчрах юм.

2025-05-12 12:22:22