ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ “САЙН ДУРЫН ХЭСЭГ”-ИЙГ БАЙГУУЛЖ, СУРГАЖ ЧАДВАРЖУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“Ногоон ой-Эрсдэлгүй орчин” НҮТББ-ыг үүсгэн байгуулагч, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын бэлтгэл дэд хурандаа Г.Чулуунбаатараар ахлуулсан ажлын хэсэг Батширээт, Биндэр, Дадал, Дэлгэрхаан, Норовлин сумдад Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А114, А115 тоот захирамжаар “Сайн дурын хэсэг"-ийг байгуулж, “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх”, “Түймэр унтраах багаж хэрэгслийн зориулалт, ашиглалт, ажиллуулах зарчим", “Эмнэлгийн анхны тусламж”-ын дадлага сургалтыг зохион байгуулж байна.

Мөн Норовлин, Батширээт суманд зохион байгуулагдах үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын захирамжаар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Онцгой байдлын газраас үүрэг гүйцэтгэж байгаа “Шуурхай бүлэг”-ийн алба хаагчид хамтран ажиллаж байна.

Үйл ажиллагааны үеэр сайн дурын хэсгүүдэд үлээгч аппарат, галд тэсвэртэй хувцас, гар станц, цуравдагч, РЛО-г хүлээлгэн өгч гамшгийн эрсдэлийг бууруулах, чадавхыг бэхжүүлэн ажиллаж байгаа бөгөөд “Сайн дурын хэсэг” байгуулагдсанаар гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймэр гарсан үед цаг алдалгүй, хурдан шуурхай хохирол багатай унтраах ач холбогдолтой юм.

Дээрх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Аймаг орон нутгийн удирдлагууд болон үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа “Ногоон ой- Эрсдэлгүй ирээдүй” төрийн бус байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ.

2025-04-16 11:43:14