"Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлсэн юм" хэмээх алдарт 4 мөртийг шүлэглэсэн зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч, Монгол улсын анхны спортын мастер, Монгол улсын шатрын 2 дахь аварга Ц.Цэдэнжав нь 1913 онд одоогийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт малчин ардын гэр бүлд төржээ. 1932 онд Улаанбаатар хотноо Багшийн сургууль төгсгөжээ. 1933 оноос шүлэг, зохиол сонирхон оролдож энэ завсар хүүхдэд зориулсан олон шүлэг зохиол бичжээ.
Мөн зохиолч Б.Баасттай хамтарч "Мандхай цэцэн хатан", "Цогийн идэр нас" гэх зэрэг жүжгийн зохиол бичжээ.1941 оноос Шинжлэх ухааны хүрээлэнд түүхийн тасгийн эрхлэгч, дараа нь "Залуучуудын үнэн", "Хөдөлмөр" сонин, "Матар" сэтгүүлд ажиллаж байжээ. Анх 1947 онд хэвлэлийн утга зохиол хянах газар байгуулагдахад томилогдож,1950-иад оноос хөдөө явж, Хэнтий, Төв аймагт сумын сургуулийн захирал, нэгдлийн орлогч болон даргаар ажилласан. Монголын зохиолчдын хороонд мэргэжлийн зохиолчоор, мөн хорооны дэргэдэх үлгэрийн танхимд ажиллаж байсан байна.
Түүний алдарт дөрвөн мөрт нь хилийн застав, цэргийн ангиудын алдрын танхим, сургууль соёлын байгууллагын самбар ханан дээр бичигдсэнээс гадна Батширээт сумын соёлын төвийн гадна талбайд хөшөө болон сүндэрлэж байна. Яруу найрагч энэхүү шүлгээ 1949 онд тэрлэжээ. "Миний нутаг" хэмээх энэхүү алдартай шүлгээс гадна “Өлгий дээр чинь”, “Хилчин”, “Талын манхан”,“Хаврын урь”, “Ерөө голын охин”, “Рихард Зорге” зэрэг олон алдартай шүлэг найраглал, роман бичсэн байна.
Түүнчлэн Ц.Цэдэнжав нь нэрт яруу найрагч төдийгүй шатрын спортоор хичээллэн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 7 удаа оролцож, 118 өрөг тоглосон байна. 1950 онд болсон Улсын аварга шалгаруулах 2-р тэмцээнд түрүүлж Монгол улсад спортын мастер цол олгоход шатрын төдийгүй бусад бүх спортын төрлүүдээс магнайлан №1 дугаарын Спортын мастер цолтон болжээ. Ц.Цэдэнжав "ухаан сэргээж, урам хайрласан шатарт насаараа дурлаж явна" хэмээн үргэлж ярьдаг байжээ. Түүний уран бүтээлийг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 2 удаа, бусад ойн медалиудаар шагнаж байв. Мөн тэрээр шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч хүн юм.
Батширээт сумын Соёлын төв нь 2014 онд сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Цэдэнжавын нэрэмжит Соёлын төв болсон байна.
2025-03-18 14:38:11